OpenAI

2026 оны дөрөвдүгээр сарын 10

OpenAI Academy

Чадвар ашиглах нь

Давтагддаг ажлыг гүйцэтгэхэд ChatGPT‑г чиглүүлэх, дахин ашиглах боломжтой ажлын урсгал бүтээгээрэй.

Чадвар нь таны одоогийн ажлын арга барилыг ChatGPT тогтмол дагаж мөрдөх, дахин ашиглах боломжтой ажлын урсгал болгодог. Ингэснээр алхам, хэлбэр, шаардлагыг дахин дахин тайлбарлахад бага цаг зарцуулж, чанартай үр дүнд хүрэхэд илүү анхаарна.

Та нэг өгөгдлөө дахин ашиглах эсвэл нэг загварыг ахин дахин хуулж тавих хэрэгтэй болж байсан бол чадвар үүнийг шийдэхэд зориулагдсан.

Чадвар гэж юу вэ?

Чадвар гэдэг нь тодорхой даалгаврыг хэрхэн гүйцэтгэхийг ChatGPT‑д заадаг, дахин ашиглаж, бусадтай хуваалцаж болох ажлын урсгал юм. Тэр бүр эхнээс нь эхлэхийн оронд үйл явцыг нэг удаа тодорхойлсноор тухайн ажил гарах бүрд найдвартай хэрэглэх боломжтой болно.

Чадвар нь ихэвчлэн дараах бүрэлдэхүүнтэй:

  • Нэр ба тайлбар: Чадварыг хэзээ ашиглах нь тохиромжтойг ChatGPT танихад тусална.

  • Ажлын урсгалын заавар: Ажлын урсгалын алхамчилсан заавар бөгөөд ихэвчлэн SKILL.md нэртэй файлд бичдэг.

  • Нөөц: Ажлын урсгалд шаардлагатай загвар, жишээ, брэндийн удирдамж, өгөгдлийн схем, хэрэгсэлд хандах эрх зэрэг туслах материал, боломжууд.

Яагаад чадвар ашиглах хэрэгтэй вэ?

ChatGPT‑ээс чанартай үр дүн авахын тулд тогтсон аргачлал дагах шаардлагатай үед чадвар хамгийн их тустай. Ялангуяа олон алхамтай, тодорхой бүтэц, хэлбэр эсвэл тусгай шаардлагатай ажилд тохиромжтой.

Чадварын давуу талууд:

  • Жигд үр дүн: Хэсэг орхигдох нь багасаж, өнгө аяс, хэлбэр алдагдахгүй, хүссэн загварыг илүү сайн баримтална.

  • Шилдэг туршлагад суурилсан: Энгийн хэрэглэгч өдөр тутам ашиглахад хялбар атлаа тухайн салбарын мэргэжилтнүүдийн баталсан ажлын урсгалд тулгуурлана.

  • Аргачлалаа хуваалцах: Багууд ам дамжсан эсвэл баримтжуулаагүй мэдлэгт найдахын оронд нэг стандарт үйл явцыг ChatGPT‑д шууд ашиглаж болно.

  • Олон орчинд дахин ашиглах: Нэг удаа бүтээж, өөр өөр чат, хэрэглээнд өргөн ашиглана.

SKILL.md файл гэж юу вэ?

SKILL.md файл нь чадварын гарын авлага юм. Ажлын урсгалыг тогтмол нэг аргачлалаар гүйцэтгэхийг ChatGPT‑д заасан энгийн текстэн заавруудаас бүрдэнэ. Үүнийг Markdown хэлбэрээр бичдэг («.md» нь үүнийг илтгэнэ). Гарчигт «#», жагсаалтад «-» гэх мэт энгийн тэмдэг ашиглан форматладаг тул ихэнх хэрэгслээр файлыг уншиж, засварлахад хялбар.

Энгийн тексттэй, Markdown-д суурилдаг учраас SKILL.md файлыг өөр орчинд шилжүүлэн ашиглаж болно. Үүнийг хуваалцаж, хувилбаруудыг нь хөтөлж, өөр өөр хэрэгсэлд дахин ашиглах боломжтой. Мөн нээлттэй стандарт⁠(шинэ цонхонд нээгдэнэ) болгон боловсруулсан тул бусад AI апп, платформд ижил төстэй аргачлал таарч болно.

SKILL.md файлд ихэвчлэн дараах зүйлсийг тодорхойлдог:

  • Чадварын гүйцэтгэх ажил

  • Шаардлагатай оролтын мэдээлэл

  • Алхамчилсан заавар

  • Гаралтын шаардлагатай хэлбэр

  • Дуусгахын өмнөх эцсийн шалгалтууд

Чадвар бүтээж, ашиглах нь

1) Давтагддаг ажлаа сонгох

Анхны чадвараа байнга хийдэг, ялангуяа жигд үр дүн чухалтай ажилдаа зориулж бүтээвэл тохиромжтой. Тухайлбал, сарын тайлан, удирдлагад тогтмол хүргэх мэдээлэл эсвэл хууль, журамд нийцсэн хураангуй байж болно.

Оролт (хэрэглэгчийн өгөх файл, холбоос, нөхцөл байдлын мэдээлэл, талбарууд), гаралт (эцсийн үр дүнгийн хэлбэр, өнгө аяс, урт), мөн хязгаарлалт (заавал оруулах зүйлс болон гаргаж болохгүй алдаа)-ыг тодорхой мэдэж байх хэрэгтэй.

Чадварууд ихэвчлэн дараах төрлүүдэд хуваагддаг:

  • Дахин ашиглах үйл явц (олон алхамт ажлын урсгал): Дараалал нь чухал бөгөөд тогтсон аргачлалыг дагах зорилготой ажил. Жишээлбэл, хууль, журамд нийцсэн тайлан гаргах, санхүүгийн тулгалт хийх эсвэл олон эх сурвалжийн өгөгдлөөр удирдлагын тайлан бэлтгэх.

  • Хэрэгсэлд суурилсан ажлын урсгал (системийг тогтсон аргаар ашиглах): Тодорхой хэрэгсэл, системээс мэдээлэл найдвартай татах, нэгтгэх шаардлагатай ажил. Жишээлбэл, Gong ашиглан харилцагчийн талаарх дүгнэлт гаргах эсвэл холбогдсон өгөгдлийн эх сурвалжуудаас хураангуй бэлтгэх.

  • Дүрэм, стандарт (өнгө аяс, бүтэц, чанарын босго): Үндсэн агуулга өөрчлөгдсөн ч өнгө аяс, хэлбэр, чанарыг жигд байлгах ажлын урсгал. Жишээлбэл, найруулгын удирдамж, туслах материал ашиглан блог нийтлэлийн ноорог бичих.

Бүтээх зөвлөмж: Чадварыг бүх ажлыг эхнээс нь дуустал хийх нэг том чадвар бус, хослуулан ашиглаж болох жижиг бүрэлдэхүүнүүд болгон бүтээх нь ихэвчлэн илүү үр дүнтэй. Нарийн төвөгтэй ажлын урсгалыг жижиг чадваруудад хуваахыг бодолцоорой.

2) Заавраа бичих

Анх удаа чадвар бүтээж байгаа бол шинэ чат нээгээд ChatGPT‑д «Надад … чадвар бүтээж өг» гэж бичиж эхлээрэй. Мөн ChatGPT‑ээс гадуур чадвар бүтээгээд байршуулж болно⁠(шинэ цонхонд нээгдэнэ).

ChatGPT‑ээс чадвар бүтээхийг хүсээд, өгөгдлийн үлдсэн хэсэгт ямар чадвар бүтээлгэхээ тайлбарлан бичээрэй. Сайн боловсруулсан зааварт ихэвчлэн дараах зүйлс ордог:

  • Гүйцэтгэх ажил

  • Шаардлагатай оролтын мэдээлэл

  • Алхамчилсан үйл явц (алхмуудыг дугаарлавал тустай)

  • Гаралтын шаардлагатай хэлбэр (жишээ байршуулах нь тустай)

  • Чанарын эцсийн шалгалтууд

Зөвлөмж: Ажлын урсгалаа ChatGPT‑д ярьж эсвэл хэлж бичүүлбэл эхний хувилбарыг илүү хурдан гаргаж болно.

3) Чадвараа хянаж, суулгах

ChatGPT чадварын эхний хувилбарыг үүсгээд суулгах сонголт харуулна. Эхний хувилбарыг хянаж, шаардлагатай бол зааврыг сайжруулаад Суулгах гэдгийг сонгон ажлын талбартаа нэмээрэй.

4) Өдөр тутмын ажилдаа ашиглах

Ажлын талбартаа идэвхжүүлсний дараа ChatGPT тохирох чадварыг автоматаар ашиглаж болно. Эсвэл та @ тэмдгээр чадварын нэрийг дурдаж шууд сонгож болно.

5) Хуваалцах эсвэл зөвхөн өөртөө ашиглах

Ажлын талбарын тохиргоо зөвшөөрвөл чадвараа тухайн ажлын талбарын бусад хүнтэй хуваалцаж, бүр тэдний өмнөөс суулгаж болно. Хэн чадвар хуваалцаж, суулгаж болохыг ажлын талбарын эзэмшигчид бүрэн хянадаг болохыг анхаараарай.

Чадвар, GPT, төсөл хэрхэн хамт ажилладаг вэ?

Эдгээр хэрэгсэл өөр өөр боловч бие биеэ нөхөх зориулалттай. Тэдгээрийн уялдаа холбоог дараах байдлаар хялбархан ойлгож болно:

  • Чадвар: Тодорхой ажлыг хэрхэн гүйцэтгэхийг ChatGPT‑д заадаг, дахин ашиглах боломжтой ажлын урсгал

  • GPT: Багийн мэргэжлийн чадавхыг өргөжүүлэх эсвэл хугацаатай төслүүдэд туслах, тодорхой зорилгод тохируулсан ChatGPT‑ийн хувилбарууд 

  • Төсөл: Багууд нэгдсэн мэдээлэл, файл, харилцан ярианд тулгуурлан эцсийн зорилгодоо хүрэхээр хамтран ажиллах боломж

Чадварыг ажилдаа ашиглах бодит жишээнүүд

Чадварын төрөл бүрийг өөр өөр ажил үүрэгт ашиглах нэмэлт жишээнүүдтэй танилцаарай. 

Хэлтэс

Дахин ашиглах үйл явцын чадвар

Хэрэгсэлд суурилсан чадвар

Дүрэм, стандарт баримтлах чадвар

Маркетинг

campaign-brief-builder Маркетингийн анхны санааг зорилго, зорилтот хэрэглэгчид, гол мессеж, сувгууд, хугацааны төлөвлөгөө бүхий кампанит ажлын бүрэн танилцуулга болгох чадвар бүтээ.

multi-channel-performance-digest Холбогдсон аналитикийн эх сурвалжуудаас гол үзүүлэлтүүдийг татаж, олон сувгийн долоо хоногийн гүйцэтгэлийн хураангуйг дүгнэлт, авах арга хэмжээний зөвлөмжтэй бэлтгэх чадвар бүтээ.

brand-voice-content-polish Маркетингийн нооргийг манай брэндийн өнгө аяс, агуулгын стандарт бүтцэд нийцүүлэн найруулж бичих чадвар бүтээ.

Борлуулалт

discovery-to-next-steps Хэрэгцээ тодруулах ярианы тэмдэглэлээс харилцагчийн тулгамдсан асуудал, боломжит худалдан авагч мөн эсэхийн үнэлгээ, дараагийн алхмуудын тодорхой төлөвлөгөө гаргах чадвар бүтээ.

sf-opportunity-health-check Salesforce дахь борлуулалтын боломжийн талбарууд, сүүлийн үеийн үйл ажиллагаа, мөн холбосон бол ярианы тэмдэглэлийг хянаж, хэлцлийн эрсдэлийг илрүүлэн авах арга хэмжээг зөвлөх чадвар бүтээ.

outbound-email-personalization-style Манай багийн сонгосон бүтэц, өнгө аяс, уртыг баримтлан боломжит харилцагчдад илгээх борлуулалтын имэйл бичих чадвар бүтээ.

Санхүү

monthly-close-narrative Зөрүүний шалтгаан, гол эрсдэл, гаргах шаардлагатай шийдвэрүүдийг нэгтгэсэн сарын хаалтын тайлбар тайлан бэлтгэх чадвар бүтээ.

budget-vs-actuals-explainer Холбогдсон хүснэгт эсвэл санхүүгийн системээс төсөв, бодит гүйцэтгэлийн мэдээллийг татаж, зөрүүг энгийн хэлээр тайлбарлах чадвар бүтээ.

finance-memo-standard Санхүүгийн шинжилгээг таамаглал, аргачлал, үр дүн, мэдрэмжийн шинжилгээ бүхий нэгдсэн загвартай санхүүгийн тэмдэглэл болгох чадвар бүтээ.

Инженерчлэл

design-doc-to-plan Техникийн шийдлийн баримт бичгийг үе шатны зорилт, хариуцагч, ажлуудын хамаарал, шийдэгдээгүй асуулт бүхий хэрэгжүүлэх төлөвлөгөө болгох чадвар бүтээ.

jira-sprint-planner-from-notes Спринт төлөвлөлтийн тэмдэглэлийг хүлээн авах шалгуур, тооцоолол оруулах талбар бүхий, Jira-д шууд оруулах боломжтой эпик болон хэрэглэгчийн шаардлагын даалгаврууд болгох чадвар бүтээ.

pr-description-and-changelog-style pull request-ийн тайлбар, шинэ хувилбарын тэмдэглэлийг манай инженерчлэлийн дүрмийн дагуу нэг стандартад оруулах чадвар бүтээ.

Үйл ажиллагаа

ops-playbook-writer Үйл ажиллагааны явцыг алхмууд, ажил шилжүүлэх цэгүүд, үйлчилгээний түвшний гэрээ (SLA), онцгой тохиолдлыг шийдвэрлэх заавар бүхий стандарт ажиллагааны журам болгох чадвар бүтээ.

ops-report-from-sheets Холбогдсон хүснэгтүүдээс үйл ажиллагааны гүйцэтгэлийн гол үзүүлэлтүүдийг татаж, долоо хоногийн үйл ажиллагааны тайлан бэлтгэх чадвар бүтээ.

ops-update-template Юу өөрчлөгдсөн, нөлөөлөл, авах арга хэмжээ, хариуцагчийг багтаасан нэгдсэн загвараар үйл ажиллагааны явцын мэдээлэл бичих чадвар бүтээ.

Харилцагчийн амжилт

qbr-storyline-builder Үр дүн, хэрэглээний түвшин, бий болгосон үнэ цэн, эрсдэл, гэрээ сунгах төлөвлөгөөг багтаасан улирлын бизнесийн тойм (QBR)-ын бүтэц гаргах чадвар бүтээ.

account-brief-from-systems Холбогдсон CRM, дуудлага, хэрэглээний мэдээллийн эх сурвалжуудаас харилцагчийн талаарх мэдээллийг татаж, товч танилцуулга болон тэргүүлэх чиглэлийн зөвлөмж гаргах чадвар бүтээ.

customer-comms-tone-guide Манай сонгосон тодорхой, шууд, мэргэжлийн өнгө аясаар, стандарт хэсгүүдтэй харилцагчийн имэйлийн ноорог бичих чадвар бүтээ.

Мэдээллийн технологи

incident-postmortem-writer Хэн нэгнийг буруутгалгүйгээр, үйл явдлын дараалал, үндсэн шалтгаан, урьдчилан сэргийлэх арга хэмжээг багтаасан доголдлын дараах шинжилгээний тайлан гаргах чадвар бүтээ.

servicenow-ticket-triage ServiceNow эсвэл ижил төстэй системд шинээр ирсэн IT хүсэлтүүдийг хураангуйлж, хэнд шилжүүлэх, ямар дарааллаар шийдэх, дараа нь ямар арга хэмжээ авахыг санал болгох чадвар бүтээ.

it-change-communication-template Эрсдэл, хугацаа, хэрэглэгчид үзүүлэх нөлөөг ижил нэр томьёо, найруулгаар илэрхийлсэн IT өөрчлөлтийн мэдэгдэл бичих чадвар бүтээ.

Хууль эрх зүй

contract-review-summary Асуудлууд, хэлэлцээрт буулт хийж болох хувилбарууд, хүссэн засваруудыг багтаасан бүтэцтэй гэрээний хяналтын хураангуй гаргах чадвар бүтээ.

policy-qa-from-knowledgebase Холбогдсон хууль эрх зүйн мэдлэгийн эх сурвалжуудаас бодлого, журмын заалтыг хайж, хураангуйлан, холбогдох хэсгүүдийг эшлэх чадвар бүтээ.

legal-memo-standard Асуулт, товч хариулт, шинжилгээ, зөвлөмж бүхий нэгдсэн загвараар дотоод хэрэгцээний хууль зүйн тэмдэглэлийн ноорог бичих чадвар бүтээ.

Хүний нөөц

interview-kit-builder Ажлын чиг үүрэгт үндэслэн тухайн албан тушаалын үнэлгээний хуудас, ярилцлагын асуулт, үнэлгээний шалгуур гаргах чадвар бүтээ.

job-post-from-requisition Workday эсвэл ижил төстэй системээс албан тушаалын дэлгэрэнгүй мэдээллийг татаж, ажлын зар болон боломжит нэр дэвшигчдэд илгээх товч танилцуулгын ноорог бичих чадвар бүтээ.

people-comms-style Хэнийг ч ялгаварлан гадуурхахгүй, хууль, журамд нийцсэн үг хэллэг ашиглан манай стандарт өнгө аясаар хүний нөөцийн зарлал бичих чадвар бүтээ.

Менежмент

weekly-status-multi-format Багаас ирсэн боловсруулаагүй мэдээллийг багийн явцын мэдээлэл, удирдлагад зориулсан хураангуй, эрсдэл ба дэмжлэг хүссэн асуудлын тэмдэглэл гэсэн гурван баримт болгох чадвар бүтээ.

team-health-digest Jira, Sheets, Slack зэрэг холбогдсон хэрэгслээс мэдээлэл татаж, багийн ажлын ахиц, саад бэрхшээл, одоо анхаарч буй чиглэлийг хураангуйлах чадвар бүтээ.

1on1-agenda-template Хөгжлийг дэмжих ярилцлагын чиглэл, зорилго, эргэн хянах ажлуудыг багтаасан нэгдсэн загвартай ганцаарчилсан уулзалтын хөтөлбөр гаргах чадвар бүтээ.

Дээд удирдлага

exec-decision-brief Эмх цэгцгүй мэдээллийг сонголтууд, тэдгээрийн давуу ба сул тал, зөвлөмж бүхий нэг хуудас шийдвэрийн танилцуулга болгох чадвар бүтээ.

exec-briefing-from-systems Холбогдсон эх сурвалжуудаас хэлтэс хоорондын мэдээллийг татаж, удирдлагад зориулсан өдөр тутмын эсвэл долоо хоногийн товч мэдээлэл бэлтгэх чадвар бүтээ.

board-readout-style Тодорхой бүтэцтэй, тоон үзүүлэлтүүдийг тэргүүнд тавьсан, мэргэжлийн явцуу хэллэг багатай, төлөөлөн удирдах зөвлөлд шууд танилцуулахад бэлэн явцын мэдээлэл бичих чадвар бүтээ.

OpenAI Academy-тай үргэлжлүүлэн суралцаарай

Хиймэл оюун ухааныг практикт ашиглах ур чадварыг эзэмшихэд тань туслах нэмэлт гарын авлага, нөөцүүдийг үзээрэй.