ChatGPT ашиглан бичих
Тодорхой зорилго, ойлгомжтой найруулгатай бичвэрийн ноорог гаргаж, засварлан сайжруулаарай.
ChatGPT нь ажил дээр байнга хэрэг болдог бичгийн олон ажилд тусална. Тухайлбал, эхнээс нь ноорог бичих, дахин найруулж товчлох, уншигчдад нь тохируулан өнгө аясыг өөрчлөх, эмх цэгцгүй тэмдэглэлийг ойлгомжтой бичвэр болгох зэрэгт ашиглаж болно. Ялангуяа цаг давчуу, юунаас эхлэхээ мэдэхгүй хоосон хуудас ширтэн суух, эсвэл бичвэрээ хэр зэрэг өнгөлж сайжруулахаа шийдэх үед хэрэгтэй.
Зөвлөгөө: ChatGPT нь таны байршуулсан файлуудтай ажиллах эсвэл холбосон аппуудаар дамжуулан файлд хандах боломжтой. Эндээс дэлгэрэнгүй үзээрэй.
Ажлын хүрээнд бичдэг ихэнх бичвэр нэг л зорилготой: хэн нэгэнд аливаа зүйлийг хурдан ойлгуулж, дараа нь юу хийхийг нь тодорхой болгох. ChatGPT нь анхаарал татахуйц эхлэл олох, санаагаа цэгцлэх, үг хэллэгээ сайжруулах зэрэг хамгийн их цаг авдаг ажлыг хурдасгана. Ингэснээр та чухал шийдвэр, нарийн ширийн зүйлсдээ анхаарлаа төвлөрүүлж чадна.
Мөн өөр өөр уншигчдад тохируулан өнгө аясыг өөрчлөхөд үр дүнтэй. Нэг үндсэн санаагаа ашиглан удирдлагад зориулсан хураангуй, багтаа хүргэх явцын мэдээлэл, эсвэл хэрэглэгчид зориулсан зурвасыг эхнээс нь дахин бичихгүйгээр бэлтгэж болно.
Бичгийн ихэнх ажилд тохирох энгийн дараалал:
Төлөвлөх → Ноороглох → Засварлах → Хэлбэржүүлэх
Төлөвлөх: Зорилго, уншигчид болон тэднээс «хүсэж буй зүйлээ» (дараа нь юу хийх ёстойг) тодорхойлох
Ноороглох: Ашиглаж болохуйц эхний хувилбарыг хурдан гаргах
Засварлах: Ойлгомжтой байдал, уялдаа холбоо, өнгө аяс, уртыг сайжруулах
Хэлбэржүүлэх: Хүргэх сувагт нь тохируулан хэлбэржүүлэх (имэйл, албан тэмдэглэл, түгээмэл асуулт хариулт, слайдын бичвэр эсвэл ярианы эх)
Та нөхцөл байдал, хязгаарлалтаа тодорхой өгч, гарсан үр дүнг эцсийн үнэн гэж бус, өөрөө хянаж засах ноорог гэж үзвэл ChatGPT‑ийг хамгийн үр дүнтэй ашиглана.
Эхлээд даалгавраа нэг эсвэл хоёр өгүүлбэрээр тодорхойлоорой. Энэ бичвэр хэнд зориулагдсан бэ? Тэд үүнийг уншсаны дараа юу хийх ёстой вэ? Зорилго тодорхой байх тусам ноорог илүү чанартай гарна.
Дараа нь ChatGPT‑д эх материалаа өгөөрэй. Энэ нь анхны ноорог, цөөн хэдэн гол санаа, уулзалтын тэмдэглэл эсвэл заавал оруулах гол баримтууд байж болно. Мэргэжлийн хэллэгээс зайлсхийх, байгууллагын дотоод нэршлийг оруулахгүй байх, төвийг сахисан өнгө аяс баримтлах зэрэг хязгаарлалт байвал тодорхой хэлээрэй.
Дараа нь ямар хэлбэрээр бичүүлэхээ заагаарай. Имэйл, нэг хуудас танилцуулга, түгээмэл асуулт хариулт, слайдын бичвэр, ярианы эхийн аль хэлбэрийг сонгохоос шалтгаалан өөр өөр бичвэр гарна. Гүйлгэж уншихад хялбар байлгахыг хүсвэл гарчиг, богино догол мөр ашиглахыг хүсээрэй. Шууд илгээхэд бэлэн бичвэр хэрэгтэй бол гарчиг, товч эхлэл, тодорхой дараагийн алхам оруулахыг хүсээрэй.
Эцэст нь тодорхой санал өгч, дахин сайжруулаарай. «Илүү сайн болго» гэх мэт ерөнхий хүсэлтээс «25%-иар богиносгож, төгсгөлд нь юу хийхийг уриалж байгааг тодорхой болго» гэх мэт чиглэсэн заавар илүү үр дүнтэй. Тэр бүр цоо шинэ ноорог хүсэхээс тодорхой зүйлсийг хэд хэдэн удаа засуулах нь ихэвчлэн илүү үр дүнтэй байдаг.
Даалгавар | Нөхцөл байдал | Хүлээгдэж буй үр дүн |
|---|---|---|
Олон хэлтэс оролцсон төслийн уулзалтын дараа илгээх имэйлийн ноорог бич. | Маркетинг, бүтээгдэхүүн, үйл ажиллагааны багууд оролцож, бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах хуваарийн талаар ярилцсан уулзалтын хавсаргасан тэмдэглэлийг ашигла. | Гарчиг, товч хураангуй, дараагийн алхмууд болон тэдгээрийг хариуцах хүмүүсийг тодорхой дурдсан товч имэйл. |
Анхны тэмдэглэлүүдийг удирдлагад зориулсан нэг хуудас дотоод мэдээлэл болго. | Уншигчид нь ажлын явц, эрсдэл, дараагийн алхмуудын товч хураангуйг авахыг хүсэж буй дээд шатны удирдлагууд юм. | Ажлын явц, эрсдэл, удахгүй хийх ажил гэсэн гарчигтай нэг хуудас мэдээлэл. |
Зарын нооргийг илүү ойлгомжтой, гүйлгэж уншихад хялбар болгон дахин найруул. | Анхны ноорог (хавсаргасан) хэт урт бөгөөд хүн бүр ойлгохгүй байгууллагын дотоод хэллэг ашигласан. | Илүү богино, гүйлгэж уншихад хялбар, энгийн үг хэллэгтэй болгон засварласан хувилбар. |
Чанартай өгөгдөл хэрхэн боловсруулахыг өгөгдлийн инженерчлэлийн үндэс хэсгээс эргэн хараарай.
Боломжтой бол эхлэхэд хэрэгтэй материал өгөөрэй (анхны ноорог ч тустай).
Урт бичвэрийн хувьд эхлээд бүтэц эсвэл ерөнхий төлөвлөгөө гаргуулаарай.
Үгийн тоо, уншигчийн ойлгох түвшин, брэндийн өнгө аяс, хийх болон зайлсхийх зүйлс зэрэг шаардлагаа оруулаарай.
Өөрчлөлтүүдийг ойлгохыг хүсвэл засварласан хувилбарын хамт яагаад өөрчилсөн тухай товч тайлбар хүсээрэй.
Агуулгад тодорхой тоо, бодлого, эсвэл баталсан мэдэгдэл дурдсан бол баримтыг нягтлаарай.
Бичгийн тодорхой хэв маягийг илүү тууштай баримтлахыг хүсвэл ур чадвар үүсгэх боломжийг бодолцоорой.


